Энгийн нэг л амьдрал...
Гэхдээ өөрийн л гэсэн өнгө төрхтэй, цагаан хар, өгсөх уруудах, шамдах шантрах ээлжилсэн, бусдад уйтгартай хэдий ч өөрт сургамжтай бас дурсамжтай, эргээд нэг харах тэр цаг үед өөрийгөө урамшуулах, зөвтгөх багахан ч болтугай орон зайг олж харах гэсэн өчүүхэн зорилготой.
Одоогоороо гэхээсээ илүү дурсамжаасаа хийсэн бүтээсэнээ харж урам дэм, чиг баримжаагаа авдаг өөртөө зориулан өчигдрийн өөрөөсөө маргаашийнхаа хувилбарт зориулан хийж байгаа үйлдэл юм уу даа... Яагаад ч юм өнөөдөр, одоо, яг одоогийн үйлдэж байгаадаа эргэлзэж тээнэглэх нь их байх юм. Өөртөө итгэхгүй, өөрийгөө голсон чамласан, өөртөө болон өөрт хамааралтай ойр тойрныхондоо хэт өндөр шаардага тавьж хүлээлт үүсгээд тэрэндээ сэтгэл дундуур байгаад байдаг хүн гэх юм уу даа. Тэгсэн хирнээ эргээд харахад хийсэн үйлдэл, өөрийн амьдралын чиг шугамаасаа нэг их хол зөрөөгүйн байна гэдгээ мэдэрч бяцхан тайвшрал авдаг болчихжээ.
Насных байж магадгүй л...
Зарим зүйлсийг гадагшлуулах, тайвшрах зарим зүйлсийг сийлж үлдээх бас заримыг нь сургамж болгох гэж зорилоо. Энэ орон зай бол хэн ч мэдэхгүй миний бяцхан эрх чөлөөний талбар болог. Өөрийгөө олж харахтайгаа зэрэгцээд өөрөөр нээх хүсэл бий бий, байгаагаасаа илүү тайван бүхнийг энгийнээр тусгаж авах хэрэгцээтэй болчихоод байгаа. Ямар ч юмыг хэт хүндээр тусгаж авч, хэт ач холбогдол өгч, хэт хүлээлт үүсгэж ... тэгээд хэт урам хугарах, хэт сэтгэл тавгүйтэх мэдрэмжүүдээсээ салмаар санагдаад. Зүгээр л амьдралд өдөр тутамд тулгарч байгаа зүйлсээ байдаг л энгийн зүйлс шиг хүлээн авч, шалгуур сорилт шиг хүлээж авдаггүй "хэвийн" хүн болмоор байгаа. Өөрөөр бол сэтгэлзүйгээ багаар ч болтугай эмхэлж цэгцлэх гэж хичээж байгаа нь энэ. Бичиж илэрхийлэх нь тайвшрах, ухаарах, дурсах бас эвтэйхэн нэг хэлбэр шиг санагддаг шүү.
Comments
Post a Comment